НЭХЭМЖЛЭГЧ НЬ ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙГ ӨӨРИЙН ОРШИН СУУГАА ГАЗРЫН ШҮҮХЭД ГАРГАЖ БОЛНО.

  • 2023-04-28 00:00:00

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.01.23 №145

Процессын тоймын огноо, дугаар: №04, 2023.04.24

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Увс аймагт оршин суух А нь Улаанбаатар хотод оршин суух Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Iphone 12 pro max гар утас гаргуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан.

Хариуцагч Б нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч А нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхийн харьяалал зөрчөөгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг